.

Tuesday, May 3, 2011

**********

Харийн газар харанхуй гудамжинд
Хүйтэн бороон дор орь ганцаар
Хаашаа би алхах билээ...
Хуучирсан хүрмийг минь нэвтлэн
Тэнгэрийн нулимс цээжин дотор асгарна
Тэртээ гүнээс нутаг дуудна нулимс бүрэлзэнэ
Хөөрхий дөө хичнээн ч тэсэхсэн билээ
Хөлөрсөн сэтгэл минь надаас түрүүнд
Живэрсэн адуу шиг унгалдсаар
Цаст уулаа зориод цахилж одов
Цаашилж яваа сэтгэлээ гар даллаж үдчихээд
Цайны газрын бүдэг гэрлийн зүг...




.
posted by Болорхон at 12:46 PM

Saturday, July 10, 2010

Хүлээлт -2

Зүрхнээсээ
Зүс бүрийн шувууд
Нисгэн
Зүг бүрт
Илгээв

Зүүрмэглээд цочин сэртэл
Зуун шувуу
Зуун зүгээс ирж
Зүрхийг минь хучжээ.
Би чамайг
Зуун жил хүлээхээр
Шийдэв...


posted by Болорхон at 3:34 PM

Хүлээлт - 1

Асгараад л…. энэ бороо дуусна
Амьдрал уу?
Амьдрал ч бас
Ав адилхан асгараад л дуусна
Цус минь гадаах бороо шиг шуугивч
Цагаа ирэхээр бас л дуусна
Ай даа…
Амьдралаас давж амьдрах хүсэл минь
Юунд хэрэгтэй …
Амьсгал минь зогсох хүртэл
Чамайг хүлээх
Үнэндээ энэ л амьдралын утга

posted by Болорхон at 3:33 PM

*******

Нээлттэй салхивчны минь цаанаас
Нүсэр тээртэй дуу чимээ
Бөглөрөл, хашгираан, хэн нэгний хараал хэлэх
Бүгдээрээ энэ амьдралын дуу
Яг одоо цаг хугацаа буцалж байна

Нүүр нь инээсэн
Нүд нь гэрэлгүй сэтгэл нь хоосон хүмүүс
Нэгнийхээ өврийг тэмтчин зүрхийг нь суйлна...
Нээрэн энэ ч бас амьдралын үзэгдэл
Цаг хугацааны бэлэг

Цонхоо хааж хөшгөө татаад ч
Ай амьдрал минь
Энэ цаг хугацаанаас бидэнд
Юу үлдэнэ вэ???



posted by Болорхон at 3:30 PM

******

Ай...
Яасан өчүүхэн юм бэ би бас бид
Хармаар юм юу ч үгүй энэ амьдралаас
Харах нь хичнээн их юм бэ

Нүдээ аниад
Таг дүлий эсвэл сохор байхгүй дээ
Зүрх баярлах л байсан даа
Халширмаар халирмаар та нартай

Харц тулгарахгүй гэж
Хичнээн ч их хичээв дээ
Өндрөөс үсэрчихмээр
Өөрөөсөө явчихмаар
Өвдөлт иймсэн билүү
Өр зүрх рүү минь...

Ай...
Яасан өчүүхэн юм бэ би бас бид



posted by Болорхон at 3:29 PM

Wednesday, February 24, 2010

Зөвхөн гуниг л байдаг

Зүүд рүүгээ би гунигын шатны гишгүүр дамжин
Зөөлхөн алхалсаар чимээгүйхэн ороход
Тэнд амьдралаас ангид амьдрал
Огт танихгүй намайг
Танимгайрхан угтдаг ч
Харц нь яг л чиний минь нүд шиг
Гялалзсан гунигтай
Хавар нь яг л намар шиг
Шав шаргал өнгөтэй
Цаг хугацаа тэнд чив чимээгүй бас хөдөлгөөнгүй
Цагийн зүү нэг л цэг дээр...
Хүсэл ч үгүй мөрөөдөл ч үгүй
Хүрэх хязгаар тийм гүн
Навч бороо нулимс хүртэл илүүдсэн
Над шиг ийм гэнэн сэтгэлтний
Зүрхнээс юүлсэн гуниг л энд
Зуун өнгөрсөн ч амьд хэвээрээ
Зүүдрүүгээ би гунигын шатны гишгүүр дамжин
Зөөлөн алхалсаар чимээгүйхэн ороход
Зураг мэт өөдөөс инээмсэглэн угтдаг нь
Зөвхөн миний гуниг л байдаг
Зөвхөн миний гуниг л....
posted by Болорхон at 10:44 PM

Friday, February 5, 2010

Шүлэг л намайг бичдэг

Шүлэг битгий бич гэсэн гэв үү...
Та..
Шүлэг бичдэггүй ээ
Би...
Зүрхэнд минь
Алганы хээ шиг нэгэн зураас
Тийм тод тийм гэрэлтэйг
Гэвч
Тэнгэрийн шувууд уйлахад
Тэсэхийн аргагүй чинэрч
Нулимсных нь чимээг
Цээжнийхээ цаанаас
Сонсдогоо
Би бичээгүй
Зүрхэнд минь
Алганы хээ шиг нэгэн зураас
Тийм тод тийм гэрэлтэйг
Гэвч
Өндөр өндөр модод
Өөрөөс минь дутуугүй шаналдгийг
Хамаг навчсаа гүвчихээд
Харийн хүн шиг ганцаарддагыг
Зүрхний минь зураас л сонсчихоод
Зүрхэн дээр минь
Зурдгийг ч
Би бичээгүй
Шувууд уйлдаггүй
Модод ганцаарддаггүй
Ийм төгс орчлонг
Нүдээ анихдаа л олж хардаг ч
Тэндээс хачин дотно амьсгал
Аньсага нэвт үлээдэг ч
Тэнд очихыг хүсдэггүйгээ
Би бас л бичдэггүй
Шүлгийг хэзээ ч би бичээгүй
Шүлэг л харин намайг бичдэг ээ
posted by Болорхон at 4:17 PM

Надаас чамруу

Надаас чамруу
Ердөө ганцхан хором
Нүдээ анихад л...
Хөлсний чинь үнэрт
Хорвоо бүдгэрч
Өвчүүн дор чинь
Өөрийгөө гээнэм
Үүний л төлөө
Амьд яваа мэт санагдна
Үүний төлөө
Үхсэн ч яахав ээ
posted by Болорхон at 4:14 PM

Tuesday, January 26, 2010

Зүрх тэмтрэгч чамд

....Өчигдөрхөн бороо орсон… үсэн дээр бас уруул дээр минь бороон дуслууд аяархан буусаар харин би тэр их бороон дундуур нэг л замаар зүрхээ чагнан алхаж явсан… өнөөдөр цас орж байна… мөрөн дээр минь, хацар дээр минь, сормуусан дээр минь цас аяархан буусаар харин би энэ их цасыг үүрээд нөгөө л замаараа зүрхээ чагнасаар алхаж явна …
Цаснаар ч тэр борооноор ч тэр чи миний зүрхийг тэмтэрсээр тэгэх бүрт чинь би тэсэлгүй чамруу явсаар бараг гурван жил өнгөрчихөж... дахиад би хичнээн жил чамруу явах юм бол??? Чи миний зүрхийг тэмтрэхээ боливол эсвэл миний зүрх юуг ч мэдрэхгүй болчихвол би чамруу дахиад явахаа болих байх даа... ингэхэд зүрх юуг ч мэдрэхгүй болдог юм болов уу, энийг надаас илүү чи л сайн мэднэ дээ...


Сайн байгааг чинь мэдэж байгаа болохоор сайн байна уу гэж мэнд мэдэж эхэлсэнгүй бас одоо хүртэл би чамайг үгүйлдгийг одоо хүртэл чамайг санахдаа үзгээ бэхэнд дүрдгийг минь чи мэдэхсэн билүү дээ…
Хайрын тухай яагаад ч юм би ярихыг хүсдэггүй… миний мэдэрсэн хайр бусдын ярьдаг шиг, ном зохиолд гардаг шиг тийм их дүрэлзэж дэвэрсэн шатсан гоё хайраас тэс өөр болоод... ядаж хамтдаа өнгөрүүлсэн ганц өдрийн дурсамжгүй болохоор тэгдэг юм болов уу...

Хайрын тухай зөндөө их бичдэг мөртлөө би хайрын тухай хэнтэй ч ярьсангүй. Чи бид хоёрын сэтгэл нэгэн цэг дээр давхцдаг байсан тэр богинохон хугацаанд ч би чамд хайрын тухай ярьсан бил үү? Одоо санахнээ хайрын тухай гоё гялгар үгийг чамд хэлж байгаагүй юм байна аа харин чи намайг “хайр” гэж дууддаг байсныг, “намайг санаж байна уу” гэж асуухад чинь санасан хирнээ “санаагүй” гэж хариулдаг байсан минь л санагдана.

Чи бид хоёр ядаж ганц ч удаа бие биесээ хараагүй хирнээ, ганц ч удаа харц харцаа ширтэж, гар гараа атгаж байгаад хайрын тухай яриагүй мөртлөө яагаад бид хоёрын сэтгэл бие биедээ тийм амархан ууссаныг би мэднэ ээ харин тэр цагаас хойш би хайрын тухай бодох бүр яагаад өр зуран ганцхан чамайг дурсдагыг зүрхний минь ширхэг бүхэн надаас одоо хүртэл яагаад зөвхөн чамайг нэхдэгийг чи мэдэхсэн бил үү?
Амьдралаас олон амт амталж үзээд хэрийн юманд сэтгэл хөдлөхөө больчихсон энэ насанд итгэхэд бэрх ч гэсэн тийм гэнэнээр яг л хүүхэд шиг итгэж, хүүхэд шиг догдолж, хүүхэд шиг баярласан тийм гэрэлтэй мэдрэмж анх удаа мэдэрсэн минь чи байсан юм шүү.
Гуниг ганцаардлыг ханатлаа амсч бас залхсан миний амьдралд чи огт санамсаргүйгээр чиний хэлээр яг л учрал шиг орж ирчихээд зүрхэн дээр минь чив чимээгүйгээр “-гуниг ганцаардлыг таньсандаа чи бид хоёр ойртсон юм шүү” гэж шивнэчихээд буцаад явчихснаас чинь хойш гайхалтай нь миний зүрх ер ганцаардахаа больчихсон юм шиг санагддаг шүү. Бусадтай адилхан гар гараасаа хөтлөлцөн хамтдаа алхсан, хамтдаа өнгөрүүлсэн нэг ч өдрийн дурсамж чи бид хоёрт алгаа….би харамсдаггүй ээ чамтай анх и-мэйлээр танилцсан, зөн шиг бие биедээ тэмүүлсэн тэр богинохон мөч бас түүнээс хойш нэг ч удаа уулзаж чадаагүй өнгөрүүлсэн гурван жилийн хугацаанд чи миний сэтгэлээс хол нэг ч өдөр байгаагүй болохоор зүрх минь ямагт чамаар дүүрэн – дурсамжны ч хэрэггүй юм уу даа...
Хайртай хүмүүс хамт байх гэж тэмүүлдэг, хамт байх гэж хүсдэг бол надад чамайг хайрласан минь, хайр гэдэг тэр мэдрэмжийг надад мэдрүүлсэн чинь л дэндүү хангалттай.
Амьдрал зурснаараа л болохоос хүссэнээр болох биш дээ… чи бид хоёрт ядаж ганцхан өдөр хамтдаа байх тавилан зураагүй байсан болохоор л чи бид хоёр уулзаж чадаагүй байх… би харуусдаггүй ээ. Харин сэтгэлдээ хэн нэгнийг хайрлах, хэн нэгнийг голоо эгштэл санах, баярлах гуних, уйлах инээхэд хамгийн түрүүнд сэтгэлдээ ханьтай байх, өглөө босоод нар ургахыг харахдаа надтай адилхан энэ нарыг харж байгаа болов уу гэж боддог хүнтэй байх шиг сайхан юм юу байхав дээ.
Хайрыг хайрлах л сайхан… чи миний тухай юу ч гэж бодсон одоо хамаагүй ээ харин чамаас үлдсэн бүхэн надад гэгээн байсан болохоор би чамд баярладаг шүү. Магадгүй чамтай учраагүй байсан бол би хайрыг ийм гэгээн гэдгийг бас ийм тэвчээртэй гэдгийг, ийм өгөөмөр гэдгийг бас ийм амгалан гэдгийг мэдэрч чадахгүй байсан байх аа.

Чамд эсвэл өөртөө гомдож, цөхөрч, уйлж, уучилж бас харамсаж харуусаж үзсэнгүй ээ… миний энэ орчлонд ирээд анх удаа мэдэрсэн, энэ орчлонгоос яван явтлаа дахиад мэдэрч чадахгүй энэ цорын ганц нандин мэдрэмжний минь дэргэд гомдол, цөхрөл, нулимс, уучлал, харамсал, харуусал аль аль нь харьцуулахын аргагүй өчүүхэн жижигхэн зүйлс байсан юм шүү.

Дахиад чам шиг хүнийг би энэ түмний дундаас олно гэж үү… орчлонд хайрламаар... бүр их хайрламаар хүмүүс олон ч анхны бас сүүлчийн хайр гэж байхгүй миний хувьд чи цорын ганцхан нь байлаа...

Дахиад зуун зуун жил амьдарвал гуниг, шаналал, инээд, нулимс, баяр тайтгарлаа би яг өнөөдрийх шиг зүрхэн дотроо ганцхан чамтай хуваалцаж, хоолойд аргам энэ гашуун амьдралаас авчихмаар нь ганцхан чамайг хайрласан хайр минь л байсан болохоор амьдралын амт, амьдралын утга, амьдралын үнэ цэнийг энэ хайрнаас олж амьдрахыг хичээнээ.


Өчигдөрхөн бороо орж, өнөөдөр цас орлоо… үсэн дээр, мөрөн дээр бас уруул,сормуусан дээр минь бороон дусал, цасан ширхэгүүд аяархан буусаар харин тэр их бороог туучин цасыг үүрээд их л холоос ЧИНИЙ ЗҮГ нэг бүсгүй зүрхээ дагасаар очвол чи намайг таних уу???...


2010 оны 1 сар БНСУ



posted by Болорхон at 8:27 PM

Monday, October 5, 2009

Чиний үнэргүй энэ намар

Тэртээ алсаас салхины хэлт бяцхан шувуухай жиргэн жиргэсээр
Тэнэмэл сэтгэлийг минь ганцхан шаргал навчнаа уяж орхив
Зуун зуунаар задлахгүй гэж өөрөөсөө нуусан эмзэглэл минь
Зуурхан тэр л гэрэлт агшинд догдлон догдлон сэрэв ээ
Зүрхэнд л үүрлэхээс өөр хаашаа ч гарцгүй өвдөлт минь
Зүрхэн хэлбэрт шаргалхан навчны чимээнээр сэмрэн сэмрэвч
Алтлаг энэ л навчнаас тэр намрыг олохсон билүү
Навчны шид гэж юусан билээ
Амраг чиний минь үнэрийг авчирч дийлэхсэн билүү
Намрын шид гэж юусан билээ
Ай, ахиад би чамайгаа хүлээгээд ч яах юм билээ
Чиний үнэргүй энэ намраар
posted by Болорхон at 3:25 PM

Thursday, May 7, 2009

...

posted by Болорхон at 7:00 PM

Sunday, May 3, 2009

Харуусал

Зүгээр л...
Зөрж өнгөрсөн бүхэнд
Зүрхэнд үлдсэн хайр байж гэмээнэ
Цацчихаад
Зөнгөөрөө тэнд
Тээр тэнд намайг хүлээж буй
Зүүдрүүгээ явахсан

Гэвч би
Зүгээр л...
Зөрж өнгөрсөн бүхний
Зүрхэн дэх хайран дээгүүр туучин
Зүүсгэл чирэн
Зүг чиг ч үгүй
Гэлдрэнэ
posted by Болорхон at 2:07 PM

Monday, April 20, 2009

*******

"Урууланд шивсэн үгс чинь
Урсах нулимсны амтанд гээгдээд
Утгаа алдаад замхарчихсан байхад л
Утгагүй юм... би юунд ингэтлээ их санана вэ "


Ирээд л буцахын завсар
Инээгээд мартахын зуур
Ийм богинохон хоромд
Итгэшгүйд итгээд энэлсэн
Итгэл гомдол хоёр минь
Энгэрээс зэрэгцэн нисэхдээ
Эцсийн удаа

Өдөөрөө
Өрцөн дээр түүнийг минь
"Өрөөлийнх" гэж сийлсээр одов
posted by Болорхон at 12:47 AM

Thursday, March 26, 2009

******

Дурлалд ханасангүй бас хатсангүй зүрх минь
Дууч шувуу шиг насаа өргөсөөр л дуусна
Дурлал юу болохыг мэддэгтээ шүлэгч хүүхэн
Дууч шувуу шиг насаа харамлахыг мэддэггүй ээ
posted by Болорхон at 7:09 PM

Хаашаа ч юм шингэхсэн

Өдөр шөнийг ч ялгахаа больж
Угтаа энд ялгаа алга
Өчигдөр өнөөдрийн завсраас
Өөрийгөө эрсээр цөхрөх нь
Хорвоогийн тоосноос
Хүмүүсийн сүүдрээс
Холдоод...
Ай, амьдрал чиний
Амьд халуун тойргоос
Алсуурхан...
Хаашаа ч юм шингэхсэн
posted by Болорхон at 7:06 PM

Wednesday, March 25, 2009

Гэрэлт хайр

''Оройн зүүд эргэдэг тэр гунигт харц л
Орчлонгоос олсон гэрэлт хайр минь байж
Одоо л би мэдэв...''

Бүүр эрт үр минь... эсвэл эцэг минь байсан мэт
Бүдэг бадаг тийм хачин совинд цээж хөндүүрлэнэ
Цагийн салхинаас зүрхэнд ганцхан чиний минь үг л
Цаашлах тусмаа улам цуурайтаж үлджээ амраг минь
...
Буй бүхэн мартагдавч элэвч
Бүүр марташгүй юм энд хичнээн их үлдээ вэ?
Амьдралыг бус гунигыг илүү хайрладгийг чинь
Ахиад над шиг ойлгох нь орчлонд хэд вэ амраг минь
...
Буурцган зүрх ганцаардаж буйд орчлонгоос уйдахдаа
Буцаад явчихаж чадаагүй нь чамайг л хүлээснийх байж
Нүгэл буяны хүрдэнд амьдралыг гороолж алхахдаа ч
Нууж унагасан нулимс минь чамайг л санасных байж
...
Цээжний төгөлд хоргодон ганц шувуу жиргэдэг нь
Цэцэг унагаад буцсан чамаас үлдсэн хайр байж
Чив чимээгүй зүрхний гэрэлт ганц совин нь
Чиний минь бичиж үлдээсэн шүлэг байжээ амраг минь
posted by Болорхон at 8:29 PM

Monday, March 9, 2009

Санахуй

Эр хүсэл
Энгэрт шатахад нь
Эвцэж зурсан...
Эхлэлгүй бас төгсгөлгүй тэр зураг
Эзэнгүй морь шиг сэтгэлийн минь хаяанд
Үүрмэглэнэ...
posted by Болорхон at 8:20 PM

Sunday, February 8, 2009

Чи

Чи...
Цасны их цагийн хатууд
Зүйргүй дулаахан нөмөр ихт
Зүрхэн чигт минь ирж оторлоод
Хахирган өвлийг уйгүй давж
Хаврын түрүүч цэцгийн өнгөөр
Халуун өврийг минь орхиод
Нутаг гүйчихсэн
Адуу...
posted by Болорхон at 5:08 PM

Сондгой өнгөний сондгой бодлуудын хэлхээс

Юу ч үгүй хоосон мөртлөө
Юу ч гуйхгүй гэж бурханд ам гарах
Ертөнц ганц хан өнгөөр тунарахад
Ердөө түүнд үл нийцэх сондгой өнгө би...
...
Хачин тунгалаг нүдийг хаяахан зүрхэндээ өнжөөж
Хаягдсан ч бусдын адил уйлахгүй инээгээд
Ганцаардлын хав халуун салхинд тэврүүлж
Хаа хүрэхээ мэдэхгүй тэнүүчлээд...
...
Тэндхийн амьдрал хичнээн дуудавч
Тэнгэрт зөвхөн санаа минь л оршиж
Тавилан минь эх газартаа уяатайд
Тайтгарах мэт хөнгөхөн гуниад...
...
Эндхийн хүмүүс тэнэг гэцгээхэд нь
Эгээ л үнсүүлсний дайтай баярлаад
Өрцийг минь цөмөртөл өшиглөхөд ч
Өөрийгөө биш тэднийг хайрлаад...
...
Хий үзэгдэл мэт найруулагчийн
Хэрэг болгож надад зориулсан
Өчүүхэн хүүхэлдэйн дүрд тоглохоос
Үнэнийг хэлэхэд заримдаа халшраад...
...
Амьдрал надад ингэж санагдаад
Алсын ододыг гэрээ санах мэт үгүйлээд
Ай даа, энд хоргодох юм үгүй мэт
Амрагаасаа хүртэл залхмаар....
posted by Болорхон at 4:07 PM

Saturday, January 31, 2009

Гичий чоно


Хөндүүр цээжнээ гуниг шууртал салхилах
Хөх өвст талдаа төрсийм би
Гүн шөнийн тэнгэр цууртал ульж
Хүн дүрст чонын заяанд ирсийм би
Хад асга гүвээ даваа эцэг минь
Харгана бут халтар өвс эх минь
Харгих гол шаргих чулуу үр минь
Хангайн аглаг хавирган сар гэр минь билээ
Цэнхэр хангайн сүр
Цэцгийнх нь үнэр шингэсэн юм
Би үзэсгэлэнтэй
Цагаан үүлс
Цасны салхийг дагасан юм
Би омголон
Тайгын аниргүй
Талын өнчин сартай ханьссан юм
Би гунигтай
Тэнгэрийн амьтан
Тэнэмэл сүнсэнд минь ирсэн юм
Би бардам
Үйлэнд шунагч
Өнгөнд хууртагч хүн та
Үсэнд минь дурла
Үнэрт минь согт
Үйлээ үз шандсаа шавх
Үрийнхээ төлөө эрийнхээ төлөө
Үхлийг айлгах омогт минь сөгд
Би...
Өөрөөсөө тэнгэртэй нэгний
Өдөт суманд харвуулж
Өвчүү нийлж жаргана
Өөр юунд ч үл намнагдаx гичий чоно
posted by Болорхон at 11:54 PM

Wednesday, January 28, 2009

*******

Дарвуул сэлүүргүйгээр хөл алдан
Далайд үйгээд....
Давалгаанд нь бутартлаа шидүүлж эрэгт нь ухаангүй
Даанч хашрахгүй нь ээ
Дахиад л дурлалын далайд живмээр...
Энэ залуу насаа яалтай.
posted by Болорхон at 10:29 PM

Олдож буй энэ л цаг хугацаанд би дурланам

Орхиж одоод цээжний мананд сүүмэлзэх бүдэг дурсамжид биш
Огтоос биелэмгүй тэнгэрт цойлсон охь халуун мөрөөдөлд биш
Одоо л миний дэргэд гараас минь атгаад зэрэгцэн алхах
Олдож буй энэ л цаг хугацаанд би дурланам
Орчлонд байсан, байхгүй нь харагдахгүй
Огоорч сэхээрч дуулж уйлж явсан минь үзэгдэхгүй
Он жилүүдийн олон давхар харанхуй хөшгийг сөхмөөргүй
Одоо л хажууд минь суугаад шүлэг хэлэх энэ л цаг хугацааг хайрламаар
Өчигдрийн жаргалын дууг сонсохгүй үнэрийг үнэрлэхгүй
Өмнөөс тосох зовлонг танихгүй
Өөрөө өөрийгөө тэврээд өнчин цэцэг шиг дэлгэрэхдээ
Өнөөдөр дэлбээг минь илбэх энэ л цаг хугацааг би хайрланам
Өнгөрсөнд гуниг хүртэл гуниг биш байдгийм тэндээс юу ч бүү эр
Өнгөтэй өнгөгүй маргааш гэж байхгүй тэндээс юу ч бүү хүлээ
Өнө мөнх үнэн худал гэж үгүй хоосон хорвоод
Өөр юуг ч бодохгүй дэргэдээ байгаа цаг хугацааг чагна
Анир намуухан сууж аяархан шивнэх үгийг нь сонсвоос
Алганд минь гэрэлтэх энэ цаг хугацаанд эхлэл гэж үгүй төгсгөл гэж үгүй мэт
Орчлонгоос надад илгээсэн дураараа задлах бэлэг дураараа эдлэх эрх чөлөө
Одоо л надтай ханьсах энэ л цаг хугацаанд би дурланам
posted by Болорхон at 9:57 PM

Monday, January 19, 2009

*******

Ийм чимээгүй шөнө
Дурлаагүй залуугийн өвөрт
Хөхөвчийг минь тайлахад чичирч
Хөх сарыг ширтэж
Хоночихоод...
Хэзээний юм шиг үнсэлцээд салсан ч
Хэдхэн өдрийн дараа мартаж
Тэгээд гэнэт...
Тэнгэрээс цас унах шиг
Чиний тухай бодох...
posted by Болорхон at 9:46 PM

Sunday, January 4, 2009

Дурсамжаа би авъя


Эгшиж эгшсэн гомдлоо
Энгэрээсээ суллаж нисгэчихээд
Сэмэрч сэмэрсэн сэтгэлээ
Чөдөр шиг зангидчихаад
Чинийхээ араас шүлэг бичиж сууна
Тавилан тогтоох мөнх гэж байх биш дээ
Сэтгэлээс минь одоо буц даа хайрт минь
Зөрүү заяатайгаа эвлэрч чадахгүйдээ л
Зөндөө олон шөнөөр чамаараа хань хийсийм
Өнчин сарыг манаж дүрийг минь сураглан суухад чинь
Үүрийн гэгээ нь болоод яваад очоогүй байж
Жамын хаалгыг нээж амьдралын учигаас атгахад чинь
Заяа дутсан хайрыг үзүүрт нь уяад яах вэ
Цээжинд минь үлдээсэн цэцэг хагдраагүй болохоор
Дурсамжаа бүгдийг нь би авъя
Шаналал тайтгарал инээд нулимсаа
Шүлгэндээ шингээе чамаас үлдсэн нь энэ юм шүү.

posted by Болорхон at 12:42 AM

Амьдрал үхлээс гашуун



"Амьдрал гэдэг - чихээ тагласан ч нулимсны цуурай сонстох, нүдээ аньсан ч ув улаан ертөнц үзэгдэх..."

Айж байна би өөрөөсөө
Ард минь дагах сүүдрээс
Урдаас тосох цаг хугацаанаас айж байна

Айж байна би амьдралаас
Амьд атлаа үхэгсдээс
Алтан дэлхийг хөнөөгсдөөс
Ахуйд ялагдсан сүнснээсээ айж байна
Айж байна энэ их гэрлээс
Амь орсон алт мөнгө
Алаг нүднээс гялалзах
Атаа хорслын очноос айж байна
Айж байна энэ улаан ертөнцөөс
Улаан нүд, улаан гар, улаан хүслүүдээс
Биегүй зүрх, зүрхгүй бие
Байхгүй хоосонд бүтээсэн бүхнээсээ айж байна
Айж байхдаа би .......
Амьдрал үхлээс гашууныг амталж байна
posted by Болорхон at 12:27 AM

Saturday, January 3, 2009

Чоно бүргэдийн хүүд

Дурлаад хэрэггүй ээ чи надад
Сэтгэл минь яг энэ салхи шиг тогтворгүй
Цэцэг цэцгийн үрийг цуглуулж цацахгүй ээ
Цээжинд чинь би намрын навчсыг л шууруулж үлдээнэ
Бүүдгэр орчлонгийн хэмжээст цаг хугацаанаас өмнө
Буцаж яваа зүрхийг минь битгий хайрла
Бүргэдийн далиа гунигт харцанд минь дүрж
Битгий надад хоргод доо залуу минь
Чив чимээгүй энэ хорвоогийн амтанд
Чамаас өмнө би дурлаж гутаад ханачихсандаа
Цөлийн чоно шиг зүрхний чинь ирийг
Цөхрөлөөр мохоохоос айгаад байнаа
Битгий дурла надад
Бие минь цуурай дурлал чинь цуурай
Чихэнд шивнэсэн үгсийг зүрх сонсохгүй
Чиний надад дурласныг он цаг ойлгохгүй ээ
Зүрхээ цууртал санаа алдаад хэрэггүй
Залуу насыг чинь би үрмээргүй байна
Гунигтай хуримлаж ганцаардалтай амрагласан би
Гараас чинь хөтлөөд сэтгэлийг чинь хуурмааргүй байна
posted by Болорхон at 8:46 PM

Thursday, January 1, 2009

Нэгэн яруу найрагч-д

Зүрхнээс тань цацсан аялгуу
Зүрхэнд минь оч болж буухад
Сэтгэлээ шатааж энэ биеэрээ
Ширээн дээрх үзэг чинь болмоор байна
posted by Болорхон at 1:32 AM

Ганцаардахуй

I.
Миний ганцаардал
Өөрийгөө олсон хамгийн том нээлт
Өөртөө өгсөн цор ганц амьд бэлэг
Өөрөөсөө урвасан ч буцаж олох зам минь
Өөрөөрөө үлдэх амь халуун найдлага минь
II.
Үнэндээ би ганцаараа бишээ
Гурвуулаа, дөрвүүлээ, зуугуулаа
Өнчин шувуу шиг сэтгэл минь
Хичнээн олон жигүүртэй юм бэ?
posted by Болорхон at 1:04 AM

*******

Үүр хаяарч амжаагүй байхад
Үсний минь сүлжээс задраагүй байхад
Үнэндээ нэг л зүйлийг хүсэх минь
Үхэл хэмээх нэрээ сольсон амьдрал юм гэжүү...
posted by Болорхон at 12:43 AM

12.31-ний шөнө

Тэнгэр унтаж байхад
Тэнгэр сэрж байхад
Тэнд хүмүүс дуулалдаж байхад
Тэсэхийн аргагүй зүрх минь базална
Тэгээд ганцхан чамайг л бодно
posted by Болорхон at 12:07 AM

Sunday, December 21, 2008

Чиний хэлсэн үг

Чиний хэлсэн үг
"Дахиад хэн нэгнийг чам шиг хайрлахаас айж байна"
Даанч удаагүй ээ... чи өөр бүсгүйг хайрлачихсан

Чиний хэлсэн үг
Далавчийг минь ч зүрхийг минь ч гэмтээгээгүй
Зүгээр л салхин дээр бичсэн цаг хугацааны бичээс байсан юм

Чиний хэлсэн үг
Ганцаардал, бүсгүйчүүдгүй ертөнц, дурлалгүй амьдрал
Гашуун үнэн нь бидний хэдэн ...... охидууд л байсан

Чиний хэлсэн үг
Эсвэл огтоос хэлээгүй үг
Ертөнцөөс надад шивнэсэн урд шөнийн зүүд байсан юм
posted by Болорхон at 4:20 PM

Салхин араншин

Сарны асгасан гунигын бороонд
Зүрхээ урсган үйж зөөлөрсөн ч
Сархад амсаад ахуйд энэлж
Зүсээ марттал араншин минь догширсон ч
Санаа бодлоосоо урвадаггүй нэгэн зүгт л хийсэх
Саваагүй хөнгөн бүв бүлээхэн салхи билээ би
Жаран элээж амьдрах үгүйгээ мэдэхгүй ч
Зуу зуун жилд унтаа ертөнцийн хаалгыг
Зангирсан үгсээрээ цочоон сэрээхийг
Санаархагч бардам салхин би
Жамыг даган нүдээ анигч
Жаргалыг хүсэгч зовлонгоос зугтаагч биш билээ
Нэг л өдөр нүв нүцгэн ирсэн шигээ
Нэр мөрөө ч үлдээгээд буцахын энэ өртөөн дээр
Ертөнцийн шуугиан ерөөл хараал шуналаас
Ердөө би дээгүүр хийссэн салхи
Их хайрыг тэнгэрийнх гэдэг юм
Тэнгэрийн хүслийг газарт буулгаж
Тэвэртээ хорьж энгэрийнх болгоогүйдээ
Тэнүүн амгалан орших салхи би
Саруул гэрэлт зүсний ард
Өс үзэгдэхэд өмөрнөө өмөрнө
Сүү мэт гэгээн харцны цаана
Мөс гэрэлтэхэд ширүүснээ ширүүснэ
Анир чимээгүйд нуугдан орших
Ахуйн араншинд тэсэрнээ тэсэрнэ
Тэвчээр барагдана, дуугүй байж үл чадна
Тэгэвч бодлоосоо үл цуцна
Газарт бус тэнгэр өөд үсчин асагч
Галзуу тэрслүү омголон билээ
Сарны асгасан гунигын бороонд
Зүрхээ урсган үйж зөөлөрсөн ч
Сархад амсаад ахуйд энэлж
Зүсээ марттал араншин минь догширсон ч
Санаа бодлоосоо урвадаггүй нэгэн зүгт л хийсэх
Саваагүй хөнгөн бүв бүлээхэн салхи билээ би
posted by Болорхон at 1:35 PM

Saturday, December 6, 2008

*********

I.
Өр зөөлөн л гэнэ худлаа...
Өлмий дор минь хайраа ивсэн
Өч төчнөөн зүрхэн дээгүүр
Өрөвдөх сэтгэлгүй туучсныг
Өнөө гэсгээл болгож АМЬДРАЛ чи
Өргөст шилбүүрээр намайг ороолгоно уу?
II.
Өвдөхдөө уйлсан нулимсан дуслаасаа
Өрөөлийн зовлонг ухаараг гэсэндээ
Өрцнөөс зүүгдсэн эхийн хайраар
Өөрийнхөө гэмийг нимгэлэг гэсэндээ...
III.
Өршөөлт БУРХАН та надад
Өөдөсхөн охиныг минь илгээсэн юм уу?
posted by Болорхон at 12:01 PM

*********

Тас харанхуй шөнүүдийг
Тамхины утаа дэнлүүний гэрлээр сүлж
Тарчиг ядуухан амьдралаа
Таталгаж бичсэн шүлгийн мөрөөр гоёж
Тайтгарал үдлээгүй сэтгэлдээ
Там диваажин хоёрыг буцалгаж
Таллаад өгчихөж болдоггүй зүрхэндээ
Танихгүй залууг мөрөөдөж суух...
Над шиг ийм жаргалыг амссан нь
Нартад хир олон бол оо...
posted by Болорхон at 11:03 AM

Thursday, December 4, 2008

Хуран үүдсэн бүхний уг чанар зүйрлэвээс одны бүрэлзээн, галын тоорог зэрэглээ, илбэ, шүүдрийн дусал, усны хөөс, зүүд, аянгын гялбаа хийгээд сарнин замхрагч үүл мэт...
"Очироор огтлогч" судраас...


Ай миний залуу нас
Бие минь ч хүрэхгүй алсад
Бодлоо нисгэчихээд
Араас нь гуниглан сууна уу?
Зүрхэндээ хэн ч амсаагүй уйг
Зурчихаад...
Дотогшоо эмтэрч сууна уу?
Ертөнц давсан бодлын чинь
Жигүүр сульдаж
Үгээр хэлхсэн эрхиний
Үзүүр эвхэгдэхэд
Уй гуниг минь ч - цуурай
Үгэн эрхи минь - одны гялбаа
Үзэсгэлэнт залуу нас - зүүд
Үнэн гэдэг - хоосон зэрэглээ.
posted by Болорхон at 12:20 PM

T------ -д

Зүүд л баймаар энэ амьдралын
Зөрөг замын нэгээхэн уулзварт
Би чамтай учирч...

Зэрэглээ мэт энэ олон үнэний
Зэрэгцээ нэгнийх нь тусгал дээр
Би чиний эхнэр болсоон
posted by Болорхон at 10:51 AM

Monday, November 17, 2008

******

Гомдож суухдаа л
Хайрлаж байх...
Хайрлаж байхдаа л
Гомдож суух...
Өөрийгөө харахаар л
Охиноо харах...
Охиноо харахаар л
Чамайг харах...
Чи бид гурав
Энэхэн замбуулинд
Ямархан учигын зангилаа юм бэ?
posted by Болорхон at 11:30 AM

Sunday, November 16, 2008

Би шүлэг бичиж сууна...

Зүгээр л би...
Тэнгэрийн сарыг мартаж
Тийм гоо үзэсгэлэн байгаагүй хэмээн санаж
Өдөр өдрөөр намайг уусгах өнгөнд шүтэж
Өөр юуг ч бодохгүй согтуухан алхаж болж л байна л даа
Зүгээр л би...
Сүүдэр шиг дагаж сүнсийг минь сэрээдэг
Солиотой бодлуудаа бурханд бэлэглэчихээд
Амьдрал тоглоомноос хожсон шагналаараа
Айл гэр болж наадсан ч болж л байна л даа
Зүгээр л би...
Үл мөнхрөхийн жамаас ч харамладаг хайраа
Үг солихын төдийд асдаг дурлалаар сольчихоод
Үүл ус шиг сайхан залуустай болзоод
Үлгэр ярьсанд нь талархсан ч болж л байна л даа
Зүгээр л би...
Сайхан бүхнээ муухай гээд
Саранд биш наранд дулаацаад
Салхин гунигаа зовлон болгоод
Согтуу тачаалаа жаргалд тооцоод
Сэтгэлдээ төөрөлдсөн ертөнц гэдэгээ
Сэрэлдээ хөтлөгдсөн сүнс гэдэгээ
Санах ч үгүй явахад болж л байна л даа
Та нар шиг...

Гэвч би...
Орчлонгийн бүүр чинадын чинадаас
Цоргих мэлмийг харахгүй байж чадахгүй байна
Зүрхний минь бүүр алсын алсаас
Цуурайтах дууг сонсохгүй байж чадахгүй байна
Биений минь бүүр далдын далдаас шивнэх
Буддаг мэдрэхгүй байж чадахгүй байна
Сэтгэлийн минь нууцын нууцаас гэрэлтэх
Үл мэдэг гунигыг амтлахгүй байж чадахгүй байна
Ертөнцөөр нэг асгарсан нулимсанд норохгүй байж чадахгүй байна
Ерөөсөө тэгээд би шүлэг бичиж сууна
Хүйтэн.... бүүр хүйтэнд
Хүүгээ тэвэрсэн эх хүн
Шүлгийн минь дэвтрийг түүдэг шиг асаагаад
Түүний илчинд үрээ хөхүүлээсэй гэж
Тэр хүйтрэлийг зүрхэндээ хайлуулаад
Түнэр харанхуйд би шүлэг бичиж суунаа

.
posted by Болорхон at 4:57 PM

Зүүд

Тэнгэр ч бүү хараг газар ч бүү сонсог
Энгэртээ л тэвръе хэн ч бүү үзэг
Тэврэхэд ч эмзэг байна энэ хайрын
Элэг эмтлэм энэ зүүдийг, энэ өглөөг
Дахиад би амсаа ч билүү
Тавилан дутаасан ертөнцийн хишгийг
Дандаа ингэж зүүдлээ ч билүү
Гол зурсан ийм учралыг, энэ хүнийг
Тэнгэр ч бүү хараг газар ч бүү сонсог
Энгэртээ л тэвръе хэн ч бүү үзэг
posted by Болорхон at 8:42 AM

Friday, November 14, 2008

Төрсөн нутаг - Шилүүстэй /Бурхан болсон хайрт буурай ээждээ/


Уул уул, ус усны тэртээгээс
Унаган нутаг буурал Шилүүстэйн
Униар татсан цэнхэр хөдөөгөө
Уйлж зүүдлээд сэрлээ би
Мэлтийсэн хөх Дорнын тэнгэр дор
Миний нутаг сүүмэлзэн харагдахад
Мэлмий тунгалаг хархан нүдэнд минь
Тэнгэрийн хур бүрхэж цайвалзлаа

Бурхдын шүншигтэй тэнгэрийн багана
Буурал Мянганы гурван сахиус
Бууж ирээд дэрний минь дээр
Тууль хайлаад буцсан чиг юм уу

Асгат, Хужирт сүүн голуудын
Ариун ундарга Дарь-Эх эжий
Тэргүүн дээр минь заларч буугаад
Тарни шивнээд явсан чиг юм уу

Хутагтуудын орны амьд шүтээн
Хувилгаан шувуу Их Гарьд
Захгүй далайг гатлаж ирээд
Заяаг минь даатгаад буцсан чиг юм уу

Галын илчтэй амьд уул Лүн хайрхан
Газрын мэлмий ихэр гурван булаг
Эцгийн минь хүйны бүлээн чулуу
Эргэж ирээд хүүгээ үнсээд буцсан чиг юм уу

Наран саранд хүйн аргамжаатай
Уртын Чандманы хүн чулуу өвөг
Наашаа харж уйлж суугаад
Үрээ ерөөгөөд буцсан чиг юм уу

Хөлийн минь мөрийг тэвэрч үлдсэн
Хатуугын сайрын нойтон өвс
Хайртай буурал ижийн минь мутраар
Хацрыг минь илээд буцсан чиг юм уу

Аянч үүлс Мянганы оройд саатаж
Агаараас нь арцны үнэр сэнгэнэсэн өглөө
Асгатын эхний Зүүн салаанд миний аав
Адуугаа туугаад дуулж явна гэнэ

Тэртээ дор үхрийн зэлэн дээр ээж минь
Тод улаан алчууртай гараараа даллаж
Голын эрэгт хүүхдүүдийн дуу цангинаж
Холоос ирэх намайг тосоод гүйж байна гэнэ

Намрын намар нутагт минь улам л урт болж
Намайг хүлээсэн буурлууд минь намхан болсон харагдана
Өвөр хөндлөн, Өвөр цэцэрлэг, Ямаат, Ялаат, Адуун Чулуу
Өсөж төрсөн нутаг минь л хуучин хэвээрээ үзэгдэнэ

Чулуун бөгжөөр сүй тавьж үлдсэн багын тэрнийг минь
Чинагш одсон цаг хугацаа гэрийн эзэн болгосон байна гэнэ
Зүсэр зүсэр бороотой намрын хүйтэн өглөө тэдний нүүдэл
Зүүн булгийн даваагаар давж яваа нь харагдана

Өвсний толгой халиуртал талын цагаан салхи салхилж
Иххөндлөн чигт найрын гэрээс хадах уртын дуу
Өндөр Майханы орой хүртэл шуранхайлан ирэхэд
Өдөржин хонь хариулсан бяцхан борхүү сонсоод
Өөрийн эрхгүй тийшээ саравчилж зогсох нь үзэгдлээ

Буруу шургуулга, Бор хавцал, Хатуу, Ар Өвөр хүүш
Буурлуудын минь өвөлжөөнд харин цасан бударч харагдлаа
Цасны ус, аргалын үнэр дулаахан гэртээ би сэрэхэд
"Цайгаа уу хүү минь" гээд бурхдын оронд одсон
Буурай жаахан ижий минь буцаад ирчихсэн сууж байна гэнэ

Уул уул, ус усны тэртээгээс
Унаган нутаг буурал Шилүүстэйн
Униар татсан цэнхэр хөдөөгөө
Уйлж зүүдлээд сэрлээ би
Мэлтийсэн хөх Дорнын тэнгэр дор
Миний нутаг сүүмэлзэн харагдaхад
Мэлмий тунгалаг хархан нүдэнд минь
Тэнгэрийн хур бүрхэж цайвалзлаа

/Шүлгэнд минь орсон газар усны нэрүүд Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан баг буюу миний аавын төрсөн нутгийн нэрүүд билээ./
posted by Болорхон at 4:43 PM

Monday, November 3, 2008

Чамаас асууя...

Би чамд өгөх өглөггүй ч
Бүхнээ өгсөөн өөртөө юу ч үлдээгээгүй шүү
Би...
Нарны гэрлийг жижигхээн гараараа хэмжихэд
Навчис эргэлдэн хацрын минь хонхорхойд унаж
Намар намрын уртыг нулимсаар биш инээдээрээ гоёж явснаас
Намайг төрүүлсэн хорвоод гомдож үзээгүй явсийм шүү
Би...
Орчлонгийн сайхнаас нь чамайг харж
Онгон хайранд тором шиг аргамжуулж
Од атгаж зүрхэн дээрээ асаасны дайтай
Омогшиж л явсийм шүү чинийхээ дэргэд
Би...
Зүрхэн дээр минь одноос асаасан галыг чинь
Цөхрөлын бороогоор унтраахгүй л гэсэндээ
Зөндөө олон удаа зангирсан үүлийг
Зөрүү буруу тийш нь нүүлгэсэн юм шүү
Би чамд өгөх өглөггүй ч
Бүхнээ өгсөөн өөртөө юу ч үлдээгээгүй шүү
Бусдаас харамлаж өгсөн хайраас минь илүүг
Бүү нэх дээ надад тэрнээс өөр юу ч байхгүй
Хань минь, би чамаас асууя
Хамгийн сүүлчийн дусал нулимсыг минь л
Хайрлах гэсэн юм уу чи ???


/Энийг нилээн дээр бичиж байсан юм, нэг их гомдож уйлсны дараа агсан тавьмар болсон юм уу даа ккккккк/
posted by Болорхон at 8:31 PM

Sunday, October 19, 2008

***

Тэр харваж буй шаргал одноос надад гуниг амтагддаг
Тэнгэрийн дор би ганцаараа үлдэх шиг санагддаг
Эргэн тойронд минь амьд атлаа үхчихсэн сүнснүүд хөлхөлдөж
Энэхэн цагийн хорвоо надад дэндүү аймшигтай харагддаг...
posted by Болорхон at 4:56 PM

Чи бид хоёр

Анхнаасаа л чи бид хоёр хамт байсангүй
Амьдрал аз жаргал алаг үрсийн тухай ярилцаж байсангүй
Алсын одны бүдэгхэн туяа, сарны өнчин гэрлээс өөр
Орчлонд чи бид хоёрыг холбосон гүүр гэж байсангүй
Намайг уйлахад чи нулимсыг минь арчих гэж ирэхгүй
Чамайг даарахад би гарыг чинь атгах гэж очихгүй
Ирж яваа цагийн хором бүхэн чи биднийг холдуулна
Ийм хөндүүрхэн гунигыг орчлон бидэнд ав адилхан бэлэглэнэ
Он цагийн мөрөн чи бидний залуу насыг
Онож алдсан шүлгүүдийн минь мөрөөр урсгаж одно
Хэзээ эртний зүүд мэт уулын үзүүр ширтэн чинийхээ тухай бодоход
Хэнч анзаарахгүй миний орь залуухан цээжинд чиний зүрх цохилно
Эхнээсээ чи бид хоёр хамт байгаагүй болохоор
Эгэл амьдралын өдөр хоногууд, ертөнцийн шуугиан бидэнд хэрэггүй
Хувь тавилан зурсан зураг амьдралын жим холдсон ч
Хамт байхын учрыг бид огт өөрөөр тайлна аа
Хагацах л гэж учрал ирдгийм, хонгор минь
Хайр амталсан энэ тавиланг юугаар ч би солихгүй ээ
posted by Болорхон at 4:54 PM

***

Борооны зөөлөн намираан дундуур чамруу гүйж хүрэхсэн
Бардам зангаа цув шиг тайлчихаад халуухнаар нэг тэврүүлэхсэн
Бадагхан шүлэг уруулаас чинь амсаж согтоод
Бүсээ өвөрт чинь тайлж бүхнийг нэг мартахсан...

Шүлэг болоогүй иймэрхүү дөрвөн мөртэй юмнууд зөндөө, яагаад ч юм гэнэтхэн сэтгэл дотор мэлсхийтэл орж ирээд л цаашаа үргэлжилдэггүй юм, тэрхэн үед гуниглал хэтийдэхээр бас тэгдэг талтай юм уу гэж бодсон, цаг хугацаа эргэсээр эргэсээр ахуйд хэзээ нэг үргэлжлээд бас дуусах л байх... гурван цэгтэй үлдээе
posted by Болорхон at 4:54 PM

Friday, October 17, 2008

****

Гэгэлгэн гунигаар зүрхээ үерлүүлж өнчин суутал
Хэн нэгний од яг зовхин дороос минь харваад
Хаа хол ертөнцийн хязгаар дахь шаргал гэгээнд шингэх нь
Харагдахгүй атлаа энд зүрхэнд минь нэвт мэдрэгдлээ.....

/Солонгосын нэртэй жүжигчин Чэй Жин Шил хэмээх залуухан бүсгүй энэ орчлонг орхиж явахад тэр орой нэг их гуниглаж бас ганцаардаж од олж харах гэж ядаж суутал энэ мөртүүд санаанд буусан юм, цааш үргэлжилсэнгүй ээ яагаад ч юм... /
posted by Болорхон at 8:38 PM

Sunday, September 21, 2008

Намайг л битгий....

Мартаарай намайг... тэр намартай нь
Манантай, жавартай ч хүсэл шатааж
Бие шатсан, хайр шатсан тэр шөнийг
Битгий дурсаарай, санамаар байсан ч...
Мартаарай аяархан шивнэсэн үгсээ
Миний том том нулимстай
Эмзэгхэн охин бие, хөхний бяцхан товчийг
Эргэж л битгий дурсаарай энэ олон намрын дараа
Дутуу амталсан жаргал гэж байдаггүй юм
Дурлаад мартсан хайр гэж байдаггүй юм
Дурсамжинд чинь үлдсэн танхилхан бүсгүйг
Дулаахан харцтай гэргийгээ гэж бодоорой
Насаараа энгэрийг чинь дулаацуулах түүнийгээ л ганцхан санаарай
Намайг л битгий хайгаарай энэ олон жилийн дараа...
posted by Болорхон at 5:34 PM

Намайг чи орхиод явахад...

Мартнаа гэж хатуурхахад минь зүүдэн дунд уйлуулаад ирдэг
Маралын дундаас гялалзсан цав цагаан гунигхан минь
Намрын хөх тэнгэрийн олон гэрэлт ододын зүг
Намайг чи орхиод явахад ямар их гомдсныг мэдэх үү

Зөрчихлөө гэж айхад минь зүүдэн дунд инээлгээд ирдэг
Зүрхэн дээр минь унасан гал улаан учралхан минь
Намар шинээрээ, нар бүлээнээрээ байхад
Намайг чи орхиод буцахад ямар их даарсныг мэдэх үү

Аргагүй амрагын аялгуутай цагаахан сарны гэрэл дор
Аньсган завсраас минь дуссан тод мөнгөн нулимсхан минь
Үүрийн шаргал гэгээнээс өмнө өрөөлийн зүг урсахад чинь
Өр зүрх минь энд ямар их өвдсөнийг мэдэх үү
posted by Болорхон at 5:34 PM

Яг над шиг бүсгүйд -2

Яльгүй гэнэн харцтай хонгор бүсгүй
Яагаад надтай адилхан харагдана
Чиний уруул, тас хархан нүд
Чилтэл хэн нэгнийг хүлээдэг чинь надтай адил юм
Сайхан хар гэзэг, том цагаан шүд
Санаа алдах чинь, инээх чинь хүртэл би өөрийгөө харах шиг
Үзэсгэлэн гоо, залуу нас, бардам зангаараа гоёсон
Үе тэнгийн чамайг бурхан надтай
Үйлийн үргүй адилхан зурж дээ
Үзтэл бидний ялгаа юу вэ?
Миний нүдээр чи хорвоог харж чадах уу?
Мөнгө, өнгө, амьдралыг ялгаж таних уу?
Миний зүрхээр чи бусдыг хайрлаж бас уучилж чадах уу?
Маргаашийг, өнөөдөр бас өчигдөртэй нь ялгаж харах уу?
Үзэсгэлэн гоогийн цаана өр өвдөх сэтгэл байна уу?
Өрөөлийн төлөө өөрийгөө мартчих минийхтэй адил "тэнэглэл" байна уу?
Хамаг орчлонг гэрэлтүүлэх хэрэг гарваас
Хайран залуу насаа өргөчихөөд холоо одчих
Хатан зориг чамд байна уу?
Чиний ялдам харцаар хорвоог би харж чадаагүй ээ
Чи бид хоёр дэндүү өөр юм билээ
Үзэсгэлэн гоогийн ард нуусан зүрх
Үнэндээ бидний ялгаа юм билээ
Зүрх өвдөлт, зөөлхөн мэгшилт
Цөхрөл, цөхрөлийн дундах инээмсэглэл
Болжморыг хайрлах сэтгэл бас энэрэл
Өөрт минь байгаа нигүүсэл байхгүй чамтай
Үнэндээ би огтхон ч адилгүй ээ...
posted by Болорхон at 5:34 PM

Эрвээхэй

Анхил содонхон цэцэгсийн зулайд буудаллах
Алтан мөнгөн эрвээхэйг би ямар их хайрладаг
Айдас шаналал, гуниг уйтгарын салхин бүү нөмрөөсэй
Аль эсвэл миний адил нүдэнд нь нулимс гялалзна уу
Саяхан даа, би ертөнцийг тэнүүхэн талаар, хүмүүсийг цэцгээр төсөөлж
Сайхан гоё өнгөнд нь шунан дурлаж явсансан
Сүүдэр эргэхийн зуурт өнгөний цаадах өнгийг харчихаад
Сүслэх үнэнгүй хорвоо, сүнсээ гээсэн хүмүүсээс яасан их айнам дээ
Дэндүү чиг эмзэгхэн сэтгэлээ харамлан харамлахдаа
Дэрэн дээр уйлсан хөндүүрхэн гунигыг
Дэргэдэх хань минь ч сонсохгүй орчлонд
Дэмий л би өр нимгэн, зүрх зөөлөн ирсэн чиг юм уу
Усанд бутарсан саранд гунигаа хувааж хоночихоод
Урд шөнийн нулимсаа залгиад инээж л явна
Нэг л өдөр ертөнцийг ганцхан шүлгэнд шингээгээд
Нэрээ энд үлдээгээд ниснэ гэдэгтээ л итгэнэ дээ
posted by Болорхон at 5:33 PM

Шүлгэн дээр минь нулимс дусахад бодсон бодол

Зөөлөн нь хатуугаа элээдэг жамаар
Зүрх минь тавилангаа дэвтээх л болтугай даа
Зөв буруу үнэн худлаас ялгаж ядсан ухаарлаар
Зүйж хэлхсэн нулимсан дуслууд минь шүлэг байтугай даа

Мөнхийн бус цаг хугацааны нулимсууд
Мөр мөрөөрөө хэлхэгдэн шүлгэнд минь л шингэтүгэй дээ
Мөнх цохилох зүрхэн дээр минь харин
Мянга мянган сарнай цэцэглэх болтугай даа
posted by Болорхон at 5:33 PM

Хайр минь чи...

Хайр минь чи
Санаа алдахад нэлхийтэл нөмрөх ганцаардал минь байлаа
Санахын тоогоор зүрх хоослон одох гуниг минь байлаа
Хайр минь чи
Хашгирч сэрчихээд өөрөөсөө айх хар дарсан зүүд байлаа
Хаанаас ч оломгүй диваажингийн эрх чөлөө, жаргал гээч нь байлаа
Хайр минь чи
Өрийг минь зөөллөж зөөллөчихөөд өөрөө хатсан цэцэг байлаа
Өнөд дотор минь шатсан гал халуухан хүсэл байлаа
Хайр минь чи
Эрсийг хулжааж эхийг минь мартуулсан нүгэл байлаа
Эвий дээ, чамаас минь авсан шагнал бас шийтгэл байлаа
Хайр минь чи
Амьдралаас олсон ганцхан гэрэл гэгээ минь атлаа
Ахиад зуун зуун жил нууж нэрэх нулимс минь байлаа
Хайр минь чи...
posted by Болорхон at 5:32 PM

********

Ув улаан дарс...
Урсч буй лаа...
Уйлаад хатаагүй нойтон сормуус
Уруулын будагтай янжуурын иш
Урагдаж навсайсан шүлгийн дэвтэр
Ундуй сундуй ор дэр...
Угаасаа миний биш хүний гэлтэй
Утгагүй ийм амьдралаас
Уйдмаар...
Урд минь гарах хаалга байвч
Түгжээтэй...
Түлхүүрийг нь эрээд олдоггүй ээ...?
posted by Болорхон at 5:31 PM

Сарны шүлэг

"-Хэрвээ би байхгүй бол
Хэцийн мөнгөн саранд
Хайрын үгээ шивнээд үлдээчихнэ
Намайг ирээд явсныг
Наад сарнаасаа асуугаарай!"

Шөнө бүр...
Шөнө бүр би чамруу очдог
Саран ургахыг сэмхэн ажаад
Сормуус юундаа инээвхийлэл хавчуулсаар
Сэтгэл юундаа итгэл тээсээр тэнд очдог
Тэгэвч чи ирээгүй л байдаг
Тэмдэгт газар эзэнгүй угтдаг
Шөнө бүр...
Шөнө бүр би цэнхэр сарны дороос
Чиний үлдээсэн хайрын үгийг
Чилтэл цөхөртөл сонсдог
Гуньтал гутартал сонсдог
Уйлтал инээтлээ сонсдог
Унтартал астлаа сонсдог
Шөнө дундын ганцаардал намайг хөтлөн
Уйтгарт сартай учруулдагийг мэдэх үү?
Шивнээд үлдээчихсэн чиний сэтгэлээр
Хайрын бадаг тэрлэдгийг мэдэх үү?
posted by Болорхон at 5:31 PM

Хананд өлгөсөн зураг

Хананд өлгөсөн зургаа хараад
Хачин их гунив би
Хагалж самнасан гэзэгтэй
Хайр гэрэлтсэн нүдтэй
Хацар нь улаа бутарсан
Хариугүй туранхай охинд
Хачин их атаархав би
Нүдэнд нь лав гуниг алга
Нүүрэнд нь үрчлээс үзэгдэхгүй
Нимгэн цагаан царайд нь
Нүглийн сүүдэр тусаагүй
Гэгээн харцанд нь нулимс алга
Гэнэн сэтгэлд нь шарх алга
Хайр дурлал...
Хагацал зовлонгийн аль аль нь алга
Хамгийн эмзэг зүрхэнд нь
Хорт могой шиг ЧИ ч алга
Хананд өлгөсөн зургаа хараад
Хачин их гунив би
Яг арван жилийн өмнөх өөртөө
Яасан их атаархав би
posted by Болорхон at 5:30 PM

Нулимсан амьтай цэцэг

Урд насандаа би чамаас
Ус харамлаж нүгэл үйлдсэн юм болов уу?
Гашуун гашуун гомдолтой цэв цэнхэр манан татаж
Халуун халуун дуслуудтай хачин их бороо орлоо

Цэгээн чулуу сандайлаад гунигаа сэмэртэл уйллаа
Цээжний гүнд зангирсан гомдлоо тасартал уйллаа
Цэн цэнгийн нулимсаа атга атгаар нь асгалаа
Цэцгийн үндэс услаж гунигын цагаан уул тарьлаа

Нулимсан амьтай өнчин цэцгээ түшиж уйллаа
Нүдэнд ургасан цантай дэлбээг нь хийстэл уйллаа
Хайрын тэмдэгт цагаан цэцгийг эвийлж энхрийлж уйллаа
Харууслын нулимснаас амилсанд нь халаглаж харамсаж уйллаа

Өөртэй минь ижил үзэсгэлэн өнчин ганхахад уйллаа
Өргөс юунд нь хатгуулж өвдөж шаналж уйллаа
Өчнөөн хоногын бороондоо үндэстэй нь хөвүүлж уужирлаа
Өр нимгэн сэтгэлээ үерт нь дайж хатуужлаа би

Урд насандаа би чамаас
Ус харамлаж нүгэл үйлдсэн юм болов уу?
Халуун халуун дусалтай хачин цагаан борооны дараа
Хамгийн олон өнгөтэй тодоос тодхон солонго татлаа
posted by Болорхон at 5:30 PM

**********

Мартахгүй гэж чи зөндөө хэлсэн мөртлөө
Мянга мянган өдрүүдийн шаргалхан гунигаа зүрхэнд минь унагаснаа
Мөнгөн цагаахан дурсамжиндаа нэрийг минь цэцгээр шагласнаа
Мөрөөр минь тэвэрч амжаагүй яруухан тэр учралаа
Мартахгүй гэж чи зөндөө хэлсэн мөртлөө
Мичид асгарч сар мэлмэрсэн үдшүүдээр үнэрээр минь дутаж
Миний бус бусдын өвөрт зовлон хуваалцан тайтгарах чинь
Магад надаас үлдээсэн дурсамж энэ гэж үү амраг минь
Мартахгүй гэж чи зөндөө хэлсэн мөртлөө
posted by Болорхон at 5:29 PM

*********

Хайртай гэж чи зөндөө хэлсэн мөртлөө
Хаврын цэцгийг өвлөөр ургуулж сэтгэлд минь тарьчихаад
Хамгийн бардам ганцаардлаа салхич шувуудтай нисгэн
Хаа холоос... яг энд зүрхэнд минь тайлчихаад
Хүлээнээ гэж амласан хавар цаг чинь ирэхэд
Хав хар нүдтэй бүсгүйтэй... хажуугаар минь
Хачин дотно шивнэлдэн өнгөрөх чинь...
Хайртай гэж чи зөндөө хэлсэн мөртлөө
posted by Болорхон at 5:28 PM

Миний үе

Би үхэхгүй үргэлжлэнэ
Бие минь элж, яс минь цайвч
Билиг цуцаж амь тасрахгүй
Бурхан чөтгөрийн алинд ч худалдагдахгүй
Буурал нутагтаа мөнх шингэнэ
Би үхэхгүй үргэлжлэнэ

Хөх хөх уулс минь униартаж байхад
Хөндийт тал нутаг минь зэрэглээтэж байхад
Хөл хүндтэй эх зулын гэрэлд зүүрмэглэж байхад
Хөдсөн өлгийтэй бурхан галын дэргэд үнэгчилж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Урт урт мөрөн гол минь харгиж байхад
Уурга барьсан адуучин Эр бор харцагыг хангинуулж байхад
Унтаа жаахан болжмор адуу тургихад дэрхийж байхад
Улбар туяа татуулан шинэ өглөө эхэлж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Алтан наран дээрээс цацраг бүтэн мандаж байхад
Аав уул дэргэдээс тохой түшин дүнхийж байхад
Асралт эжий бурхан цацлаа өргөн залбирч байхад
Алс алс зам харгуй сүүн өнгөөр дурайж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Тэмээний бөөрөнд арган дотроос нялхсын толгой шоволзож байхад
Тэртээ холоос цай барьсан бүсгүй гар даллан дуудаж байхад
Төлийн дуу цангинаж бууцны үнэр сэнхийж байхад
Төрсөн нутагт хүй дарсан чулуу бүлээнээрээ байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Уул, ус, навч цэцэг, урьхан салхи хайрын хэлээр ярьж байхад
Утгын чимэг хөглөн эгшигт шүлгүүд төрж байхад
Ухаа толгод дамжин уртын дуу шуранхайлж байхад
Уяхан ээжийн минь сэтгэл ингэний нулимстай бөмбөрч байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Өрхний завсраар хөх аргалын очис сүүмэлзэн байхад
Өнгийж шохоорхсон одод нь тогоон дотор хөвж байхад
Өөдөсхөн үрс минь тулгаа тойрон шулганаж байхад
Өтгөс буурал судар тэврэн нар зөв гороолж байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Ээлт хөх тэнгэр дээр налайж байхад
Энгүй тал нутаг дэргэд цэлийж байхад
Эсгий гэрийн хойморьт гүнгэрваатай бурхан амилж байхад
Эмээ ээжийн эрхиний тоогоор маанийн цуваа хөвөрч байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Нарны амьтай гариг минь цэнхэртэж байхад
Надад заяасан эх орон минь мандаж байхад
Нартад өлгийдсэн нутаг бууралтаж байхад
Нялх балчир үрс минь инээж өсч байхад
Би үхэхгүй үргэлжлэнэ

Бие минь элж, яс минь цайвч
Билиг цуцаж амь тасрахгүй
Бурхан чөтгөрийн алинд ч худалдагдахгүй
Буурал нутагтаа дахин төрнө
БИ ҮХЭХГҮЙ ҮРГЭЛЖЛЭНЭ ЭЭ
posted by Болорхон at 5:28 PM

Гэртээ байхдаа л....

Гэртээ байхдаа л би хүн болдог
Гэзэг үсээ хумьж гэргий төрхөндөө ордог
Бариу даашинзаа тайлж эрх чөлөө мэдэрдэг
Байж ядсан харцуулын шуналт харцнаас ангижрдаг

Гэртээ байхдаа л би хүн болдог
Хэрүүл уруул, хэл ам, хов живнээс хол
Хуурмаг харц, ёсорхуу үгсээ хөөж орхиод
Хүүгийнхээ сэвлэгийг үнэрлэн бүүвэйн дуу аялдаг

Гэртээ байхдаа л би хүн болдог
Хиймэл инээмсэглэл, хоосон магтаалаас холддог
Хээ хуар, будаг шунх, чимэг зүүлтнээсээ салж
Хэн нэгний өмсгөсөн хуурамч багийг тайлдаг

Гэртээ байхдаа л би хүн болдог
Гэм зэм, алдаа оноо, шагнал шийтгэлийг ч мартдаг
Өнгө мөнгө, өнөө маргаашаас чөлөөлөгдөж
Өөдөсхөн үртэйгээ бурханы хэлээр ярьдаг
Гэртээ байхдаа л би хүн болдог.
posted by Болорхон at 5:28 PM

Сормуус тэмтрэх уйт шөнөөр

Нэг л их хөнгөн гуниг зүрхэнд минь хургаж хургаж
Нэлхийтэл сэтгэлийн хойморт ирж асгараад л
Нил харанхуй шөнүүдэд чиний нүдийг санан санахад
Нэрээр чинь бичсэн шүлэг нимгэн цааснаа амилаад л

Яагаад би ингэж сормуус хөндөн гунигладгаа мэддэгүй
Ялдам хайрын үгсийг зүрхнийхээ нулимсаар сийлдэгээ мэддэгүй
Хэний төлөөнөө сэтгэл сэмрэн сэмрэн өнчирдгөө мэддэггүй
Хээнцэр залуухан насаа хүслээсээ нууж үрдэгээ мэддэггүй

Яах гэж би олон олон гэрэлт мөрүүдийг оддоос түүж газарт үлдээдгээ мэддэггүй
Ямар сайхан хайраа цээж дүүрэн гунигаар арилжснаа мэддэггүй
Хэнд зориулж уйт шөнөөр сормуус тэмтрэн хайрын бадаг тэрлэдгээ мэддэггүй
Хээр талын өнчин саранд гоо үзэсгэлэнгээ өргөдгөө мэддэггүй

Тэгэвч би...
Хөндүүр зүрхний нулимс минь чиний л төлөө урсахад дуртай
Хөнгөн бийрийн үзүүртээ чиний л хайрыг зурах дуртай
Ганцаар үдэх шөнүүдийг чиний л харцаар дүүргэх дуртай
Гуниг баярын аль алинд нь чиний л нэрээр дуудах дуртай

Зуун жил сарны дор ганцхан чамайг л хайрлаж гуниглах бол
Ай ямархан их жаргал тэр билээ
Зуун жил зөвхөн чамд л зориулж салхи надад хайрын үгс шивнэвэл
Ай юутай их хувь тавилан энэ билээ
posted by Болорхон at 5:27 PM

Чи бидний хайр

Уйтгар гунигт олон олон харанхуй шөнүүдийн
Унтаа хөх ганцаардлыг шатааж бие биедээ ассан
Хэн ч сонсохгүй нам гүмхэн хос зүрхний цохилтыг
Хээрийн өнчин сар л мэднэ дээ
Бид хоёрын хайр ийм нууцыг

Тэр өвлийн нүцгэн модод, цасны дуу шиг
Тийм мартамгүй уянгыг чихэнд минь аялаад л
Салхи ч сонсохгүй анир чимээгүйд хайрын үлгэрээ шивнэдгийг
Сар л ганцхан мэднэ дээ
Бид хоёрын хайр ийм яруухныг

Орь залуухан насны гунигаа марттал дурлалцаж
Оддын гэрэлд хоёрхон биесээ хайр хэмээн дуудан
Сэрүүн зүүдэндээ бичилцсэн амьдралын бяцхан үлгэрээ
Сэвхтэй сарнаас нуугаагүйдээ
Бидэн хоёрын хайр ийм гэнэхэн

Шар нарны гэрэлт өдрүүдэд биесээ танихгүй өнгөрөвч
Шаналалт шөнө нэгэн тэрлэг доор зэрэгцэн суугаад
Зүрх зүрхний дусаал шүлгээ уншихдаа хамтдаа байдгийг
Зөвхөн энэ сар л мэднэ дээ
Зүүд шиг ийм сайхан хайрыг

Хаврын бороо зуны цэцэгс туучин ганц ганцаар алхавч
Хайрын цэцэрлэгт шивнэсэн үлгэр одоо хүртэл жаргаагүй
Хэн хэнийхээ харцыг зүрхнийхээ цэцгээр гоёж амьдардгийг
Хээрийн мөнгөн сар л мэднэ дээ
Бид хоёрын хайр ийм хязгааргүйг
posted by Болорхон at 5:26 PM

Яг над шиг бүсгүй

Яг над шиг бүсгүй
Ялдам ааштай хархан нүдтэй
Яг минийх шиг туяхан бэлхүүстэй
Яг л миний өчигдөр шиг...
Яагаад өчигдөр тийм сайхан байв аа
Яагаад өнөөдөр ийм жихүүн салхилна вэ?

Яг над шиг залуухан бүсгүй
Ядруухан Дон Жуаны зуу давтсан үгэнд
Яасан их итгэнэ, яасан их бишрэнэ
Яруухан сэтгэлээ харамгүй цацна ...

Яг миний өчигдөр шиг инээмсэглэл
Яг над шиг хэзээ чи гунина даа
Яасан их уйлна даа
Яг тэр үед тэнэмэл Дон Жуан
Яг чи бид хоёр шиг бүсгүйд очно доо
posted by Болорхон at 5:26 PM

Гунигаа дагаад гунив

Навчны л настай зун шиг богинохон залуу нас минь дээ
Нарийхан жимд учрал зөрөх шиг уйтай юм аа энэ амьдрал
Үгээр модод ургуулж үйлт сэтгэлээ хуурахаа больё доо
Үдшийн харанхуй шиг нам гүмхэн суух л сайхан юм

Уян харцат уран нулимст бүсгүй араншин минь дээ
Усны хаяанд сар хөвөх шиг уйтай юм аа энэ амьдрал
Үгээр цэцэг зурж өлмийдөө дэвсэхээ больё доо
Үүлний нүүдэл шиг чимээгүйхэн одох л сайхан юм

Хоргодовч холдох орчлонгийн бэлд сүүн сэтгэлийнхээ гэрэлд
Хорвоо ийм богинохон хүн ийм хуурамчийг үзээд
Хөрөг зурагныхаа инээмсэглэлийг л ганцхан энд үлдээгээд
Хосгүй цагаан гунигаа дагаад хов хоосондоо нисмээр байна

Зөрүү яаруу тавилангийн бэлд зүрхний минь гүнд
Зүсэр зүсэрхэн бороотой миний алтан диваажин бий
Гунигын цэнхэр нууранд нь өөрийгөө марттал булхчихаад
Гэрэлтэй цэнхэр тэнгэртээ мөнгөн шувуу байхсан даа
posted by Болорхон at 5:25 PM

Харц буруугүй

Нүд буруугүй дурлал гэж байдаг болохоор
Нүцгэн биеэ чамд л тэврүүлмээр хүсэл надад байдаг
Нүүдлийн шувуу шиг нуур дамжин үдэлдэг болохоор
Нүгэл нөмрөөгүй ариухан сэтгэл чамд даанч алга даа

Харц буруугүй дурлал гэж байдаг болохоор
Харьтыг чинь дэрлээд эрхлэх хүсэл надад байдаг
Хавартаа надад ирээд намартаа өрөөлд буцдаг болохоор
Хайрын үнэнчхэн сэтгэл чамд даанч алга даа
posted by Болорхон at 5:25 PM

Чамайг би хачин их...

Чангаар дуудахад бурхан хүртэл нэрийг чинь сонсчих вий гэж
Чамайг би орчлонгоос хачин их харамладаг аа
Зөрж өнгөрсөн учралын сэжүүрийг буцаан эргүүлэхсэн гэж
Зүүдэнд үзэгдэх хагацлаасаа хачин их айдаг аа

Намайг гомдоход тэнгис догширч чамд хатуурхах вий гэж
Нулимсаа би ханцуйдаа биш зүрхэндээ атгаж явдаг аа
Өрөөлийн шуналт харцанд чамайг алдчих вий гэж
Өөрийнхөө дэргэд биш өрцөн дотроо нууж явдаг аа

Мөнх бусын орчлонд хайрлаад ханачих вий гэхдээ
Мөрөөр чинь гишгиж мөрийг чинь тэвэрч зүрхэлдэггүй ээ
Гэнэн харцанд чинь бүлээн гуниг цантах вий гэхдээ
Гэргий чинь болж гэмийг чинь зузаалж чаддаггүй ээ

Гоо биенд минь зурсан дурлалын зургийг чинь мөнхлөх гэж
Хожмын учрал ивэлтэл энгэр хумин алхъя аа
Бурханы өгсөн тавиланг чинь бүсгүй үйлэндээ сульдаахгүй гэж
Бүрэнхийд урсдаг шүлгээр чинь нүглээ хучиж амьдаръя аа
posted by Болорхон at 5:24 PM

Өөр ертөнцийн хүн

Өөдөөс минь гунигтай ширтэх
Өөр ертөнцийн хүнтэй ярилцаж хонолоо
Өрөвдмөөр ч юм шиг үгийг нь сонслоо
Өдөр биш шөнө л байдаг гэнэ тэр ертөнцөд нь

Харанхуйд бэдчиж бусад нь чимээгүй амьдардаг гэнэ
Харин тэр гунигт хүн нарыг л хайж явдаг гэнэ
Хязгаар эцэсгүй урт аянд хэсүүчилсэн ч
Хайсан эрэл нь үнэнд биш үлгэр домогт л байдаг гэнэм

"... Харц чинь яг л цог шиг юм
Хайж яваа нар минь юм биш байгаа... " гэж гунигтай инээмсэглэсээр
Харь ертөнцийн хүн явахаар бослоо
Хачин их ганцаардал дунд үлдмээргүй байнаа би

Хүлээгээч өөр ертөнцийн ... биш ээ, шөнийн зочоон!
Хамт явья аа, тэр домгийн нарыг хамт үзье!
Хаанаас ч олдохгүй бол хоёулаа яахав гэж үү?
Хамаагүй ээ, харц минь гэрэлтэй шүү дээ ...
Яг л тэр нар шиг чинь...
posted by Болорхон at 5:24 PM

Маргааш бид хоёр

Мацаж өгсөх жим балархай байсан ч яахав
Маргааш тэнд хүрнэ
Манан дунд зүг бүрэнхий байсан ч яахав
Маргааш нар мандана
Мянган бээр сажлавч үзүүр үгүй байг яахав
Маргааш намайг тосно
Магад би энэ л цэгт зогссон ч
Маргааш дахиад үргэлжилнэ
Эцэс төгсгөлгүй хүсэл зүүд байсан ч яахав
Маргааш өглөө сэрнэ
Энгэрт дүүрэн нулимс хайруу байсан ч яахав
Маргааш гэхэд хатна
Элээх тавилан энэ бие минь зовлон байсан ч яахав
Маргааш нэг жаргана
Эхийнхээ хэвлий рүү эргэж буцахгүйгээс хойш
Маргааш бид хоёр л бие биенээ хүлээнэ

/Буруу буруу..... бухимдаад...... арга ядсан бодол...... сэтгэлээ хуурсан хоромд бичиглэсэн шүлэг..../
posted by Болорхон at 5:22 PM

Чамд би дахин дурлахгүй

Чив чимээгүй хав харанхуй
Чийг үнэртсэн энэ өрөөнд
Цэлэлзэх дарсыг хундага дүүргээд
Чиний зурагтай тулгаж суунаа

Хар шөнө хатуу дарснаас өөр ханьгүй
Харанхуйг сандаачин гэгээ тэмтрэхүйд
Хачин гунигтай чиний харц л
Гарт минь баригдах гэрэл юм даа

Харцны чинь гэрлээр
Энэ л шөнө нөмөрлөөд
Хамгийн сүүлчийн удаа
Хайртай гэж зурганд чинь шивнэчихээд

Цээжний минь нөмөрт сэвэлздэг
Цагаан гунигын салхитай
Зуун жилийн маргаашд
Зүсийг чинь би илгээлээ

Харцыг чинь дарсандаа хөвүүлж уулаа
Ханаж мартамгүй амттай байлаа
Үнсэлтийг чинь энэ бороогоор арчлаа
Үүр цайлаа... ЧАМД БИ ДАХИН ДУРЛАХГҮЙ ЭЭ!!!
posted by Болорхон at 5:22 PM

Гуниг

Сэтгэл минь хов хоосон шөнийн сар шиг
Сэв суусан шаазан шиг хөдөлгөх л юм бол эмтэрчих гээд
Уйтай өдрүүдийн бүрхэг бараан болгон нь
Уйлуулчих гээд байна намайг үг хэлэх л юм бол

Бие минь хүв хүйтэн цоггүй зуух шиг
Бусдын нүдрүү эгцлэх л юм бол асгарчих гээд энэ нулимс
Бурууд хурц зүрх минь өвдөж байна маш их
Бусармаг худал явдалд шаналж байна даанч гүн

Зүрх минь нам гүм яг шөнийн харанхуй шиг
Зөрж өнгөрөх хоромууд хүслийг минь нэг нэгээр зөөж
Зорих зөгнөх итгэлийг минь хийсгэн одсоор
Зогсоогоор минь үхүүлж байна амьдрал намайг
posted by Болорхон at 5:21 PM

Охин минь ээждээ гомдоорой

Ээжтэйгээ ярих дургуй гэвүү чи минь
Эвий дээ үр минь бэтгэрч л байгаа даа
Эрх нялх дүрийг чинь тээгээд хол явчихсан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь

Ижил хүүхэд мөөмөө идэхэд шүлсээ залгидаг гэвүү
Эвий дээ үр минь цангаж л байгаа даа
Энгэрийн илч бүлээн сүүгээ эрт харамласан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь

Бүлээрч хоносон шөнөжин "ээеэ" дуудаж уйлсан гэвүү
Бөртийтэл эндээс тарни шивнэж бурханд даатгачаад
Бүүвэйн дуугаа дэрэн дээр чинь дуулж өгөөгүй
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь

Орчлонд мөрөө тамгалж хөлд оржээ үр минь
Ойчиход түших ээж дэргэд чинь байсангүй, хол байлаа
Орхиж гарчаад хайртай гэж хуурдаг "муу" ээждээ
Охин минь чи гомдвол гомддоо

Ангирхан чи минь ээжээ гэж хэлд оржээ
Айхдаа дуудсан ээж дэргэд чинь байсангүй хол байлаа
Анхны үгийг чинь сонсоогүй явчихсан "муу" ээждээ
Амь минь чи гомдвол гомддоо

Арван хэдхэн сартай нялх чамайгаа орхичихоод
Ангир уураг эхийн өврөөр өнчрүүлчихээд
Амьдрал гэдэг давалгаанд хөвөн даарахдаа
Атгаж гарсан өрөөсөн оймсыг чинь үнэрлэн бүлээцдэг шүү үр минь

Улаан нялзрайхан чамайгаа ганцаардуулчихаад
Ухаарах болоогүй нялх сэтгэлийг чинь эмзэглүүлчихээд
Урдаас тосох маргаашийн чинь төлөө зоригоо чангалахдаа
Уранхай бойтогийг чинь дэрлэн уужирдаг шүү үр минь

Сананаа үр минь голоо тасартал санана
Салхитай нартай орчлонд чамайгаа жиндэх вий гээд
Сүүдрийг нь хааж гэрлийг нь тусгах гээд ээж нь
Салгуу алсад бага насыг чинь өвөрлөн алхаж явнаа

Өрөвдөнөө үр минь өрөө өмөртөл өрөвдөнө
Өргөстэй цэцэгтэй орчлонд чамайгаа өвдөх вий гээд
Өөр шигээ хүний нутгийн сүүдэрт хиртүүлэхгүй гээд
Өнөөдөр ээж нь зүүдэндээ л чамайгаа үнсэж явнаа

Амьтны хүүхэд аав ээжтэйгээ эрхэлж л байг яахав
Адилхан миний үр элэг бүтэн юм чинь
Алаг зүрхний минь гүнд амин хайраар уяатай
Алхам зайгүй ээжтэйгээ явдаг юм чинь

Хол одсон ч эхийн совинд аргамжаатай
Хүйн холбоо тасардаггүй юмаа үр минь
Цаг нь ирэхэд үрдээ буцаж ивэлдэг
Цагаан сүү ширгэдэггүй юмаа үр минь

Үрдээ тэмүүлсэн эхийн сэтгэлд учрал ойрхон
Үдэш бүр уулзаж хоносон зүүд зөнтэй
Шулганах үр минь өөдөөс тосон гүйнээ
Шувуудын түрүүчээр ээж нь үрдээ очноо

Зөндөө удаан харуулдсан элгийг чинь дэвтээнээ охин минь
Зөрүү харж уйлсан нулимсыг чинь арчнаа охин минь
Ээж нь эзгүй өдөр шивнэсэн хүсэл бүрийг чинь гүйцээнээ
Ээж нь эзгүй шөнө зүүдэлсэн зүүр бүрийг чинь амилуулнаа
....... ээж нь үрдээ очноо
posted by Болорхон at 5:20 PM

Би - цас

Би - цас
Xагацлын тамгагүй цагаахан цас
Бударсаар чиний л өлмийд өөрийгөө ивж
Булгилах зүрхэнд чинь хээ урласан
Би - гоо цас

Би - цас
Чимээгүй чимэггүйхэн нэвсийж
Чиний л өвөрт хунгарласан
Энгэрт чинь бүлээцэхдээ хайлж
Эс бүхэнд чинь шингэсэн
Би - шидэт цас

Би - цас
Уруул дээр чинь унаж
Урссаар аманд чинь орохдоо
Халуунаас халуунд цээжийг чинь шатаасан
Хамгийн амтат дарс мэт
Би - халуухан цас
posted by Болорхон at 5:20 PM

Дөрвөн мөртүүд

Түмэн бодол мянган ганцаардлын дотор
Түймэр шиг асах миний өчүүхэн зүрх
Тэнэмэл саран хүйтэн дүрээ нууранд унагах шиг
Тийм гунигтай, чив чимээгүй чиний сэтгэл
Бүүр дараа...
Бодол эцэж ганцаардал ханьсахад
Бидэн хоёр ертөнцийн хоёр туйл
Бие биесээ ширтэж удаан амьдарна

******

Торонд хоригдсон бяцхан шувуу өр өвдөм дуудаад
Тэнгэрт дүүлэх хүсэл байвч тавилангүй өнчрөөд
Хүлээстэй орчлонгийнхоо давчуухан цонхоор над руу ширтээд
Хүмүүний төрөлд атаархаж байна гэж шивнэлээ.... зүрх өвдлөө

*****
Ай бүсгүй минь чи уйл уйл
Асгарсан нулимсанд чинь хорвоо дэвтэнэ
Ай бүсгүй минь чи инээмсэглэ
Гал цахих инээдэнд чинь ертөнц уярна


*****
Зөв совин шивнэх мэт
Зүйрлэшгүй яруухан эгшинд
Чиний явсан зам дээр
Цэцэг ургахыг мэдэрлээ

*****
Дутуу амталсан хайрын нулимсыг
Дарс шиг исгэж чамд хадгалъя
Хамгийн гашуун час халуунаар дутахдаа
Хавраар ирж өөрийгөө марттал согтоорой

*****

Намар оройн бороонд хэнз соёолсон аригхан сарнай би
Надад дурласан эрчүүдийн зүрхэнд нь дэлбээлэхийг хүсдэггүй ээ
Нар мандаад буцахын цагт зүрх хүртэл цантдаг болохоор
Нулимс зохидоггүй эр нүдэнд л эрхэлж ургахыг хүсдэг ээ

***
Харцан дотор чинь харцаа хөвүүлж шөнийн тэнгэр дороос
Хамгийн гоё ододыг чиний нүднээс түүж энгэр дээрээ асгаад
Хагацлын тухай маргаашийн тухай хүндэдсэн тэрлэгээ тайлаад
Хав халуухан уруулыг чинь нүдээ анин хүлээх сайхаан...

*****

Өчигдөрхөн бэлэглэсэн даашинзны чинь
Өнгө нь үхээд утас нь сэмэрчихэж
Өчигдөрхөн хайрласан хайр чинь
Үзэшгүй муухай хардалт болчихож
Өгч гийгүүлсэн сэтгэл чинь
Өнгө мөнгөний хэрүүл болчихож
Өвөрт чинь өнгөрүүлсэн шөнүүд
Ор мөргүй хийсээд явчихаж ....

****
Дурлалгүй, хүсэлгүй зүрх минь би чамайг орхилоо
Дурсах дурсамжгүй саарал өдрүүдийг хамтад нь үлдээлээ
Алган дээр минь өнгө төгс нэгэн жаргал үзэгдэж байна
Ахиад ганцаардал амсахгүй цоо шинэ ертөнц рүү би явлаа...

*****
ккккк хошин шог кккккккккк
Ямар ч амтгүй хоол шиг чиний үгийг
Яльгүй шорвог нулимсаараа даруулж
Яана гэхэв дээ хоолойгоо давуулаад
Яасан ч их хатуурч сууна даа энэ сэтгэл
posted by Болорхон at 5:19 PM

Ийм эх орон...

Зүрхэнд илч тэтгэн мөнх нуугдсан бөхөxгүй зул
миний эх орон
Зүүдэн гүнд чимээгүй орших тайлагдашгүй далд ертөнц
миний эх орон
Заяа атгасан ч тавилан дутуу намайг тээсэн
миний эх орон
Зөн шингэх харанхуй үнэнд гэгээ татуулан хувирч нүүх
миний эх орон
Зовлонгийн манангаас гэрэлтээд буцсан жаргал
миний эх орон
Зөрлөг зам дээр нуугдаж ургасан нялх цэцэг
миний эх орон
Зүдэрч бэдэрсэн үнэндээ шатаж, нэг л асах түймэр
миний эх орон
Зүсэлж тоглосон өнгө нь хөх, сайрын бүлээн чулуу
миний эх орон


/Энэ шүлгийг нилээн дээр нэг хүнд зориулж бичиж байсийм, харин хүмүүс эх орондоо зориулсан шүлэг гэж бодоод байдаг юм хэ хэ, хайртай хүнээ эх орноо гэж бодох үе бий./
posted by Болорхон at 5:18 PM

******************

Будант ууланд гэрэл цайрч аянга цахихад
намайг нэг санаарай
Буйдхан талд цас дарж хөлийг чинь тушихад
намайг нэг санаарай
Уянгалж дуусдаггүй уртьн дуу талын зэрэглээнд замхарахад
намайг нэг санаарай
Уйлж байсан зүрх чинь амьд гэдгээ мэдэрэхэд
намайг нэг санаарай
Тас харанхуй шөнө сарыг хайж тэмтрэхдээ
намайг нэг санаарай
Танихгүй хүн шиг мартагдсан мөрүүд шүлэг болж цээжинд асгарахад
намайг нэг санаарай
Сар нарны завсрын хязгааргүй уртад ганцаардахдаа
намайг нэг санаарай
Салхинд хатсан өргөст цэцгийг зөөлөн гэж илбэхдээ
намайг нэг санaарай

Харин чи...
Хагацлаар хатуужсан гуниг учралаар зөөлөрч хорвоо зөв эргэхэд
Хайраа тамгадаж надад өгсөн нэрээ нулимстайгаа хамт арчаарай!
posted by Болорхон at 5:17 PM

Хүсэл минь

Ай хүсэл минь
Өнгөрсөнийг орхиод зүгээр л урагшаа алхахыг хүснэм
Он жил, хуучирсан мөрөөдлийг мартаж амьдрахыг хүснэм
Ертөнцийн бүүдгэр өнгийг өөрөөрөө сүлэхийг хүснэм
Ер бусын алсад очоод чимээгүй шингэхийг хүснэм

Ай хүсэл минь
Ятга болж ярууханд уусч хорвоог хөглөхийг хүснэм
Надад ирсэн совингоор чамайг аргадахыг хүснэм
Аньсаган завсрын нулимсаараа сэтгэлийг чинь дэвтээхийг хүснэм
Асгарч дуусдаггүй хүслээрээ энд л гэрэлт мод тарихыг хүснэм

Ай хүсэл минь
Улиасны сэрчигнээ, салхины шивнээнд эрхлэхийг хүснэм
Удтал хүлээсэн намар чамд л сэтгэлээ тайлахыг хүснэм
Уриныг зорих шувуудын цуваатай чинь нэгдэхийг хүснэм
Учрал зөгнөж гунигаа үүрээд нисэхийг хүснэм
Ай хүсэл минь ээ
posted by Болорхон at 5:17 PM

Би юу ч гуйхгүй

Орчлон чамаас би юу ч гуйхгүй ээ
Омогшлоо ч, гэмшлээ ч би юу ч гуйхгүй
Алдар нэр
Авс өлгий
Өв хөрөнгө
Өнгө зүс гэхчилэн
Өөр би юу ч гуйхгүй
Өтгөсөд нас
Өрөөлд хайр
Үрдээ жаргал
Өөртөө би эрх чөлөө ч хүсэхгүй
Өөгүй ухаан
Өвддөггүй бие
Элбэг дэлбэг
Энгийн амьдралыг
Энэ хүмүүс шиг би гуйхгүй
Ичих ч үгүй сэм шивнэж
Илүү харж бурханд даатгахгүй
Ахархан бодолд шунал өвөрлөж би гуйхгүй
Амьдрал, надад оноосон заяаг чинь голохгүй
Хорвоо чамаас би юу ч хүсэхгүй ээ
Хоосорч туйлдсан ч би юу ч нэхэхгүй ээ
Орчлон чамаас би юу ч хүсэхгүй ээ
Омогшлоо ч гэмшлээ ч би ЮУ Ч ГУЙХГҮЙ ЭЭ
posted by Болорхон at 5:16 PM

Охинтой юм болохоор...

Залуу нас, хайрын бадгууд цээжинд минь байдаггүй ээ
Завгүй амьдрал надад дурлалд чөлөө олгодоггүй болохоор
Зуурхан амрагын шүлэг сэтгэлд минь ирдэггүй
Зулын гэрэл шиг ганцхан шөнийг л гийгүүлдэг болохоор

Сайхан харцны өмнө санаа алдахаа байсаан
Салхи шиг нэг л өдөр хуйлраад явчихдаг болохоор
Шаналалд сөхөрч өвдгөө нугалахыг би хүсдэггүй ээ
Шагайн чинээ охин минь дэргэд байгаа болохоор

Янагын үгс, халуун энхрийлэл надад зохидоггүй ээ
Ялдам зан, бүсгүй аалиа аль эрт гээсэн болохоор
Бодолд норж бусдын адил уйлахыг би хүлээдэггүй ээ
Бөөрийн чинээ охин минь нүдэнд аргамжаатай болохоор

Уй гуниг бүү хэл нулимсыг ч зөвшөөрдөггүй миний нүд
Урдаас ширтэх жижигхэн хоёр цогийг хараад чийгтдэг
Уйлах нь бүү хэл дуулах ч завгүй миний хоолой
Угтаа тэр л бяцхан бурханыг хараад сааралтдаг

Охинтой юм болохоор
Орчлон надад гэгээтэй санагддаг
Охинтой юм болохоор
Огторгүй надад өнгөтэй харагддаг аа
posted by Болорхон at 5:16 PM

Охиндоо би...

Миний л энэ орчлонд амьдарсныг гэрчлэх мэт
Мэлмэрсэн нүдтэй намайг өвчсөн охиноо хараад
Мишээх нарны цацраг урьтаж миний охиныг гэрэлтүүлэг гэж
Мэлтийсэн сарны туяа сүүлдэж миний охиныг гийгүүлэг гэж...

... Охиндоо би Цолмон нэр хайрлалаа.
posted by Болорхон at 5:15 PM

Хань минь, хайр минь

Хязгаар эцэсгүй урт зам биш дээ
Хаяанд байгаа энүүхэн амьдралын төгсгөл хүртэл
Хань болж гарыг чинь хөтлөн алхах гэсийм
Хайранд согтсон хатан байж үзэх гэсийм

Элгэнээс чинь алдуурахгүй аргамжих гэсийм өөрийгөө
Эргүүлээд зүрхээ чөдөрлөх гэсийм хайраар чинь
Эрхэлж чиний л амраг байх гэсийм
Эр биеийн чинь эзэн нь болох гэсийм

Харцандаа гуниг нууж биш жаргал гэрэлтүүлсэн
Хайрандаа "хар" тээж биш халамж нэмсэн
Ханийн түшиг, үрийн заяа элбэгдүүхэн эдэлсэн
Хамгийн жаргалтай эхнэр байх гэсийм

Наргүй бүрхэг жиндүү өдөр олоон
Нар болж сэтгэлийг чинь дулаацуулах гэсийм
Саргүй түнэр харанхуй шөнө тохиолдноо
Сар байж итгэлийн чинь гэрлийг асаах гэсийм

Санаа алдахдаа бусдаар биш чамаар л дүүрэх гэсийм
Санчиганд хяруу унасан ч чамаар л нөмөрлөх гэсийм
Нууцхан дурлалын шаналалд зүрхээ хагаслах гээгүй юм
Нулимсыг чинь үзэж нүгэлтэн болохыг хүсээгүй юм аа
posted by Болорхон at 5:14 PM

Аавыгаа аргадах гэж бичлээ...

Эгэл атлаа эгэл бус хүн миний аав
Эр хүний дээд тэнгэр шиг заяатай миний аав
Эргэх орчлонгийн саалтанд өтөлж яваа миний аав
Ижил хэдэн зээдээ номхон тэмээ шиг миний аав

Олон ч удаа баярлуулсан биш дээ би таныгаа
Олигтой хувцас ганц удаа ч өмсгөсөн биш дээ би тандаа
Охиноо л гэсэн далай шиг хайрыг тань
Ойлгох сэхээгүй явсандаа саяхныг хүртэл үр чинь

Айлгаж хэлсэн үгс минь харин аманд багтахааргүй их
Ачилж ганц өглөө цай чанаж өгсөн нь даанч ховор
Арифметикийн бодлого, англи хэлнээс эхлүүлж та надад
Амьдрахуйн ёсыг ухааруулах гэж хичнээн их мэрийлээ

Айхтар ухаантай хүн болох гэж таныхаа өмнөөс маргаж
Аягалж өгсөн цайг нь сэтгэлтэй нь хамт шидчихээд
Айлын хүн дагаад хаалгаа саваад гарахдаа
Ачлалгүй охиныхоо өмнөөс өр чинь өмөрснийг мэдээгүй

Өрөөлийн төлөө
Өөрийгөө элтэл
Өвдгөө сөхөртөл
Өтөлж яваа миний аав аа

Тавин хэдэн настай өвгөн царсны үндсээс
Таван сайхан мөчир нахиа дэлгэж дэлбээлсэн
Тэнгэрт тулаагүй ч мөчрөө та минь хар даа
Тэмүүлж урганаа өөдөө өндрөөс өндөрт

Өнөөдөр үр чинь бусдын шороон дээр алхавч
Өнгө мөнгөний хорвоод өчүүхэн мэт амьдравч
Маргааш хүү чинь үнэний төлөө өндийнөө
Мартагдахгүй дуу хуур шиг амьдрахыг хичээнээ

Алс хол хүний нутгаас харихдаа
Аав тандаа би их бэлэгтэй очноо
Аль багад минь уншуулах гээд зүдсэн
Амьдралын их номыг ойлгоод тандаа очноо

Өсөх насанд минь өвлүүлэх гээд ядсан
Үнэ их ухааны судрыг өвөртлөөд тандаа очноо
Алт мөнгө, хоосон мөрөөдлөөс илүү
Аж төрөхүйн аргыг атгаад тандаа очноо

Аав таныхаа хайрласан эрхмийн дээд - УХААРЛЫН ХАЙРЫГ
Алган дээрээ дэлгээд охин нь тандаа очноо.
posted by Болорхон at 5:14 PM

Ээжийгээ тайтгаруулах гэж бичлээ...

Уучилахад ч хатуухан уур хилэнг минь өршөө
Уужуухан дулаахан ертөнц минь охин үрээ өршөө
Хэтэрсэн омог бардам занг минь өршөө
Хэрсүү ухаан буруу суусан нялх үрээ өршөө

Аниргүй алс мөрөөдлийг минь та амилуулж өршөө
Алдаж буруу гишгэснийг минь та зөвтгөж өршөө
Алдуурч хэн нэгэнд өгсөн сэтгэлийг минь буцааж өршөө
Амьдралын эргүүлэгт намайгаа ухааруулж өршөө

Тулганд тань дүрэлзэх галын оч үрээ өршөө
Тотгонд тань хуралдсан утааны үнэр хүүгээ өршөө
Тооноор тань өнгийсөн од сарны хэлтэрхий охиноо өршөө
Торгон дээлэнд тань ойж туссан нарны цацраг намайгаа өршөө

Ээжээ, би таныхаа бурхны мутар гараас тань адис авъя
Ээжээ, би таныхаа сүү үнэртсэн энгэрт тэврүүлж уйлъя
Ээжээ, би таныхаа нөмөр их өвдгийг түшин тайтгаръя
Ээжээ, би таныхаа сүүн хайранд бялуурч зөв амьдаръя аа

Эжий минь ээ,
Хүү чинь бүргэдийн чинээ явж болжмор шиг нөгчъе
Эжий минь ээ,
Үр чинь түймрийн дайтай амьдарч зул шиг жаргая
Эжий минь ээ,
Охин чинь нар шиг гийгүүлж, сар шиг шингэе
Эжий минь ээ,
Би - таныхаа үр нь, залуу нас нь юм болохоор
Амьдарсан шиг амьдарч
Үхсэн шиг үхнээ.
posted by Болорхон at 5:13 PM